Сайн байна уу? Энэхүү бичвэрийг уншин суугаа танд энэ өдрийн мэндийг хүргэе!Харвасан сум шиг хурдан өнгөрсөн богино мэт чамгүй урт амралт тань мартагдашгүй дурсамж, гайхалтай учралаар дүүрэн байсан биз ээ. Крипто зах зээлийн оролцогчид ч мөн наадмын амралтаар сайн амарсан уу гэлтэй шинэ эрч хүч, цөөнгүй сайхан мэдээгээр энэ долоо хоногийг угтсан билээ.
Эхлээд Крипто зах зээлд үйл ажиллагаа явуулагч бирж, брокеруудын дампуурлын хэрэг маргааны үйл явцаас дурдвал:
Энэ долоо хоногийн эхээр Celsius дампуурлын хэрэг нээсэн ба компани Дампуурлын тухай хуулийн 11-р бүлгийн дагуу дампуурах юм (бичвэрийн дунд хэсэгт дэлгэрэнгүй оруулав). Тэгвэл аль хэдийн дампуурсан Three Arrows Capital-ын дампуурлын хэрэг эд өрнөж байна. Шүүхийн баримт бичгийн дагуу тус байгууллага Blockchain.com, Voyager Digital, Genesis Global Trading зэрэг 27 өөр компанид нийт 3.5 тэрбум долларын өртэй байна. Сонирхолтой нь нийт 3.5 тэрбум долларын өрний 2.36 тэрбум доллар нь зөвхөн Genesis Global Trading-д хамааралтай болж таарав.
Гэснээс Тесла зах зээл унахаас өмнөхөн бараг 1 тэрбум долларын үнэтэй биткойн зарсан нь хоёрдугаар улиралын тайлангаар нь ил болов. Энэ талаар Элон Маск тайлбартаа дараа нь илүү их биткойн худалдаж авахад нээлттэй гэж мэдэгдсэн.
Дэлхий дахинаа хууль тогтоогчдын толгойны өвчин болж буй криптог хэрхэн зохицуулах асуудал үргэлжилсээр байна. Үүний дундаас Орос улс криптогоор төлбөр хийхийг хориглосон шийдвэр гаргав. Харин Латин Америкт криптовалютын хөгжил өргөжин цэцэглэж Парагвай эрчим хүчний илүүдэл, найрсаг зохицуулалтаараа биткойн олборлогчдыг өөртөө татсаар байгаа бол крипто биржүүд Мексик болон Перуд үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд нэвтрүүлэхээр болжээ.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд криптод хөрөнгө босгох үйл ажиллагаа харьцангуй бага байсан ч энэ зүйл тасалдаж, зогссонгүй. “Sustainable” блокчэйн 5ire 1.5 тэрбум долларын үнэлгээгээр 100 сая доллар, блокчейн аюулгүй байдлын Halborn 90 сая доллар, төвлөрсөн бус крипто бирж Hashflow 400 сая долларын үнэлгээгээр 25 сая доллар тус тус босгов.
Улаан буудай:
6 дугаар сарын 22-ийн датагаар Украйнаас экспортлогдож байгаа улаан буудайн хэмжээ 44%-иар буурсан дүн гарсан. Украйны тариаланчид өнгөрсөн оны ургацаа ч борлуулж чадахгүй байгаа бөгөөд өлсгөлөн болохыг НҮБ хүртэл анхааруулаад байхад эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд хүрэх газраа очиж чадахгүй байна.
7 дугаар сарын 12-нд гарсан АНУ-ын хөдөө аж ахуйн яамны мэдээгээр улаан буудай, шар буурцаг, эрдэнэ шишийн ургац сайн байх төлөв гарсан байна. Хүнсний хомсдолоос болж Африкийн орнууд том цохилтод орох төлөвтэй байна. Учир нь доллар бусад бүх валютын эсрэг чангарч байгаа бөгөөд Америкт 9,1% инфляцтай байгаа бол Лебанонд 211%, Зимбабвед 192%, Суданд 192%, Венезүэлд 167%, Турк 78% ба Монголд 15,1%-ийн (5 сарын дүн) инфляцтайбайна гэсэн үзүүлэлтүүд харагдаж байна.
Дайн эхлээгүй байхад л дэлхий даяар 140 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байна гэсэн мэдээлэл гарсан ба Украйны экспорт дэлхийн 400 сая хүний хүнсийг хангадаг гэж үзвэл дор хаяж хагас тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэх нь хэдийн тодорхой болжээ.
Түүхий эдийн Future гэрээг арилжихын бас нэг сул тал нь Future гэрээний ханш нь өнөөгийн бэлэн мөнгөний ханшнаас өндөр байх төлөвтэй байдаг бөгөөд үүнийг Contango гэдэг.
Урт хугацаандаа өмнөх гэрээнүүдээ хаагаад дараагийн гэрээгээ авахад огт үнэ өөрчлөгдөөгүй тохиолдолд алдагдал хүлээдэг гэсэн үг.
Урт хугацаандаа түлш, бордооны үнийн өсөлт, газар тариалангийн салбар дахь ажиллах хүчний хомсдол зэрэг нь хүнсний үнэ цаашдаа ч өснө гэдэг таамаг дэвшүүлэхэд хүргэж байна.
Сelsius дампуурал:
Доорх хүснэгтээс Celsius-ийн ассет болон өглөгийн мэдээллийг харж болно.
Нэг тэрбум доллар дутуу гэж харагдаж байгаа биз. $CEL зоосыг тооцох нь жаахан утгагүй, дээрээс нь Крипто ассет, Mining ассетүүд ямаршуу үнэ цэнэтэй болж таарах нь тодорхойгүй. Үнэндээ бол олборлолтын бизнесийн үнэлгээ зах зээл уналттай үед унадгийг бид мэдэж байгаа, зээлсэн мөнгөө авч чадахгүй байх эрсдэл байгааг 3АС-ээс харлаа. Тэгэхээр Celsius-ийн хэрэглэгчид 80% хүртэлх эрсдэл хүлээх магадлалтай байна.
Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр:
Хятад иргэдийнхээ хөдөлгөөн болгоныг танддагаараа алдартай тэгвэл нэг тэрбум хүний мэдээллийг агуулсан дата алдагдсан бөгөөд 10 биктойноор худалдаалагдаж байжээ.
Хятадад VPN буюу интернэт хэрэглэж байхдаа байршлаа нууцлах технологи ашиглах хориотой байдаг бөгөөд VPN ашиглан Twitter жиргээ бичсэнийг нь хүртэл бүртгэсэн байдаг гэнэ.
Хятадын коммунист нам иргэдээ хянаад зогсохгүй "оноо" өгдөг болсон бөгөөд Хятадад хүний эрх гэсэн ойлголт байхгүй харин хяналт, удирдлага, дарангуйлал дунд Хятадын ард түмэн амьдардгийг харуулж байна.
Хятадын 5 иргэн бүрийн 1 нь Ковидоос болж хорионд ороод байгаа ба үүнээс үүдэн эдийн засгийн өсөлтийг энэ жил 4%-тэй байна шинжээчид таамаглаж байна. Миний хувьд "АЙН" юун өсөлт, бууралттай тоо гарах ёстойн биш үү гэсэн бодол төрж байна.
Энэ хооронд Хятадын бондын дефолт өмнө оныхоос 2 дахин өссөн үзүүлэлт гарсан.
Default = Тавьсан өрөө төлж чадахгүй байх
Хятадын эцэс төгсгөлгүй өрөөр санхүүжүүлсэн хурдацтай өсөлт хэн ч тоож амьдардаггүй баахан балгас барьсны эцэст үнэнд гүйцэгдэж байх шиг... Дефолт зарлагдсан нийт өрийн хэмжээ аль хэдийн 20 тэрбум доллар давсан бөгөөд өрөө төлж чадахгүй байгаа 19 компанийн 18 нь үл хөдлөх хөрөнгийн компаниуд ажээ. Хятад бодлогынхоо хүүг өсгөхгүй байгаа шалтгаан нь үүнтэй холбоотой байж болох юм.
Хятад худлаа тоо, худлаа үзүүлэлт бүр цаашлаад хүн амынхаа тоог хүртэл худлаа мэдүүлж чадна гэхдээ худал Доллар хэвлээд өрөө төлөх ур чадварыг хараахан эзэмшиж бараагүй бололтой.
Дайны хар үүл татаж, Бинансын данс улаанаараа эргэлдсэн энэ цаг үед Хятад 3 дахь нисэх онгоц тээвэрлэх боломжтой хөлөг онгоц Фужианыг гаргасан мэдээлэл гарсан. Өмнөх 2 хөлөг онгоцыг бодвол онгоц хөөрч байхад нь хурдыг нь нэмэх зориулалттай Катабулттайгаараа давуу талтай. Зүгээр нэг биш хамгийн сүүлийн үеийн технологи болох соронзон орон ашигладаг. Энэхүү катабултыг Америкийн ерөнхийлөгч асан Фордын нэрээр нэрлэсэн 2019 ашиглалтад орсон Gerald R. Ford-д анх ашиглаж байсан байна.
Дээрх хөлөг онгоц Хятадын хувьд том амжилт боловч Фужиан хараахан ашиглалтад орох болоогүй бөгөөд Америкийн 11 нисэх онгоц тээвэрлэгч шиг цөмийн эрчим хүчээр ажилддаггүй тул холын аялал хийх боломжгүй юм. Бүрэн зэвсэглэсэн хиймэл арал хүртэл барьсныг нь бодвол Хятад зүүн Ази дахь ноёрхлоо тогтоох амбицтай нь ил байна. Бас болоогүй Хятад улс Энэтхэг-номхон далайн бүс нутагт Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш байгаагүй их хэмжээний цэргийн хүч байршуулсан гэжуага. Энэ Хятад яг яая гээд байгаан бэ?