Хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт
Enkhbat
Хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт

Сайн байна уу? Зах зээл таагүй энэ үед танд хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл бэлтгэлээ.

Бонд гэж юу вэ?

Бонд гэдэг нь тухайн хөрөнгө оруулагчаас зээлдэгчид (ихэвчлэн корпорац эсвэл засгийн газар) тодорхой хугацаанд, тодорхой хүүтэйгээр санхүүжилт олгосон болохыг гэрчилсэн үнэт цаасны нэг төрөл (өрийн бичиг) юм. Бонд нь ихэвчлэн 1ээс 30 жилийн хугацаатай, тодорхой нэрлэсэн хүүтэй, нэрлэсэн үнэтэй байна. Бонд гаргаж арилжаалах нь нэг ёсны зээл авч байгаа хэлбэр бөгөөд ялгаатай зүйл энэ хэлбэрийн зээл нь зах зээлд дээр арилжаалагдах чадвартай байдаг явдал юм. Бондын купон буюу хүү (r) нь нэрлэсэн үнээсээ тодорхой хувиар тогтоогдсон байдаг. Тухайн бондыг эзэмшигч нь жил бүр эсвэл хагас жил тутамд бондын хүү авч, бондын хугацааны эцэст нэрлэсэн үнэтэй тэнцүү хэмжээний үндсэн төлбөрийг эргүүлэн авна. Бондыг хоёрдогч зах зээл дээрээс асар олон тооны харилцаа хамаарал бус бүхий субъектүүд худалдан авдаг учир тухайн бонд эзэмшигчийн эрх ашгийг хамгаалахын тулд тодорхой хэмжээний хууль зүйн зохицуулалтууд хийдэг байна. Бонд эзэмшигчдийн эрх ашгийг хуулийн дагуу бондын гэрээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хамгаалж байдаг. Хэрвээ та бонд худалдан авах талаар сонирхож байвал дараах хэд хэдэн чухал нэр томьёо мэдэх хэрэгтэй. Үүнд:

  • Бондын гэрээ - энэ нь бондын бүхий л нөхцөлийг нарийн тодорхойлсон хуулийн баримт юм. Үүнд бонд эзэмшигчийн эрх, бонд гаргагчийн эрх үүрэг, хүү болон үндсэн төлбөрийн хэмжээ, хугацаа, стандарт, хориглосон нөхцөлүүд, шимтгэлийн сангийн шаардлага, баталгаа зэрэг зүйлсийг зааж тусгадаг.
  • Шимтгэлийн сангийн баталгаа - энэ нь “эргэн дуудагдах” нөхцөл (доор илүү дэлгэрэнгүй дурдсан болно) гаргасан бондод хамаарна. Өөрөөр хэлбэл, бондоо хугацаанаас нь өмнө буцаан худалдаж авахын тулд бонд гаргагч системчилсэн байдлаар жил тутам тодорхой хэмжээний төлбөрийг шимтгэл маягаар итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч уг мөнгөөр зах зээл дээрээс бондыг буцаан худалдан авах үүрэг хүлээдэг. Хэрвээ зах зээл дээр худалдан авах боломжгүй, зах зээлийн үнэ нь буцаан худалдан авахаар тогтоосон үнээс өндөр байх тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч бондыг эргүүлэн дуудах болно.
  • Бондын баталгаа - бондын барьцаа баталгаатайгаар гаргасан бол барьцаа баталгааг бондын гэрээнд тусгаж өгнө. Бондод барьцаа гаргах нь найдвартай байдлыг нэмэгдүүлж борлогдох чадварыг өсгөдөг.
  • Итгэмжлэгдсэн төлөөлөгч - энэ нь бондын гэрээнд гуравдагч тал болон оролцдог. Хоорондоо харилцаа холбоогүй олон тооны бонд эзэмшигчдийн эрх ашгийн төлөө тэдний нэрийн өмнөөс бонд гаргагчийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байдаг.

Бондын нөхцөлүүд

Бонд гаргагч, бонд худалдан авагч хоёр талын гэрээ байгуулна. Бонд гаргагч компани, корпорациуд хөрөнгө оруулагчдын сонирхлын татахын тулд янз бүрийн нөхцөл болзлуудыг тавьдаг. Тухайлбал:

  • Хөрвөх бонд - тодорхой тогтоосон хэмжээний хувьцаа болж хөрвөх боломжтой байдаг бонд юм. Хувьцааны зах зээлийн үнэ нэрлэсэн үнээсээ өндөр болох үед энэ бонд илүү сонирхол татдаг. Учир нь бонд эзэмшигч хувьцааны нэрлэсэн ба зах зээлийн үнийн зөрүүтэй ашиг олох боломж бий болно.
  • Хувьцаа худалдан авах эрхээр баталгаажсан бонд - тухайн компанийн хувьцааг толорхой хугацааны дотор тогтоосон бага дүнгээр, дурын тоо хэмжээгээр худалдан авах эрхтэй болдог.
  • Эргэн дуудагдах бонд - бонд гаргаж буй талдаа илүү давуу талыг бий болгож байдаг. Зах зээл дээрх хүүгийн хэмжээ буурч байгаа тохиолдолд бондыг гаргагч алдагдалд ороход хүрвэл бондыг буцаан худалдаж авах буюу эргэн дуудаж болно. Гэхдээ бондыг эргүүлэн дуудах үнэ нь нэрлэсэн үнээс өндөр байх ёстой. Энэ хоёрын зөрүү дүнг шагнал гэж нэрлэдэг.

Мөн бондын ангиллыг санхүүгийн мэргэшсэн байгууллагууд хийдэг ба тухайлбал, Moody’s Investor Service болон Standard & Poor’s -ыг дурдаж болно. Тэд олон тооны корпораци, орон нутгийн үнэт цаас болон бондуудыг үнэлж “AAA, AA, A”; “BBB, BB, B”; “CCC, CC, C” байдлаар ангилдаг.

Image

Бондын төрөл

Олон төрлийн бонд байдаг боловч ерөнхийд нь 4 төрөлд ангилдаг.

  • Корпорацын бонд - Корпорацын бонд гэдэг нь пүүсээс хөрөнгө оруулагчдад санал болгож буй өрийн үнэт цаасны нэг төрөл юм. Компани нь шаардлагатай хөрөнгө оруулалт авах бөгөөд үүний хариуд хөрөнгө оруулагчид урьдаас тогтоосон тооны хүүгийн (r) төлбөрийг тогтмол эсвэл хувьсах хүүгээр төлдөг. Бондын хугацаа дуусах эсвэл "хугацаа нь хүрэхэд" төлбөрүүд зогсож, анхны хөрөнгө оруулалтыг буцаан олгох үүрэг хүлээнэ. Бондын баталгаа нь ерөнхийдөө компанийн эргэн төлөх чадвар дээр суурилдаг бөгөөд энэ нь ирээдүйн орлого, ашигт ажиллагааны хэтийн төлөвөөс хамаарна. Корпорацын бонд нь засгийн газрын бонд зэрэг бусад бондтой харьцуулахад илүү өндөр өгөөж амалдаг байна. Мэдээж өндөр ашгийг үргэлж өндөр эрсдэл дагадаг мэдэх биз ээ.

- Дээд ангиллын бонд: төлбөрийн чадвар сайтай компаниуд гаргадаг, барьцаа баталгаагүй бондууд байдаг. Хөрвөх ихэвчлэн энэ ангилалд орно.

- Орлогын бонд: санхүүгийн хүндрэлд орсон компаниуд өөрчлөн байгуулалт хийх зорилгоор гаргадаг. Бондын хүүг хэзээ төлөх чадвартай болсон үеэс төлж эхэлнэ. Тэр хүртэл тодорхой хугацаанд хүү төлөхгүй.

- Барьцаат бонд: үндсэн хөрөнгө барилгаар баталгаажигдсан бонд.

- Барьцаат траст бонд: бонд гаргагчийн эзэмшиж байгаа үнэт цаасаар баталгаажигдсан бонд.

- Тоног төхөөрөмжийн сертификат: траст, тоног төхөөрөмжийн сертификат гаргах замаар олсон эх үүсвэрээр худалдаж аваад компаниудад түрээсэлнэ. Тогтоосон тодорхой хугацааны дараа компани уг хөрөнгийг өөрийн болгож авах боломжтой болно. Энэ нь түрээсийн нэг хэлбэр юм.

- Хүүгүй бонд: хүүгүй гаргагдаж нэрлэсэн үнээсээ хорогдуултал хийж хямдралтай арилжаалагдана. Бонд эзэмшигч нь бондын худалдаж авсан үнэ болон нэрлэсэн үнийн зөрүүгээс ашиг олно. Гаргагч болон эзэмшигч татварын хэмнэлт бий болгодог давуу талтай. Хөвөгч хүүтэй бонд: зах зээл дэх хүүгийн өөрчлөлтийг даган тодорхой хязгаарын дотор хүүг өөрчлөх боломжтой байдаг.
Буцаан худалдагдах бонд:* бонд гаргагч компани бусдад нэгтгэгдсэн, бусдыг өөртөө нэгтгэсэн, эсвэл их хэмжээний нэмэлт бонд гаргасан гэх мэт онцгой тохиолдолд бонд эзэмшигч бондоо компани нэрлэсэн үнээр нь буцааж худалдах боломжтой байдаг.

- Буцаан худалдагдах бонд: бонд гаргагч компани бусдад нэгтгэгдсэн, бусдыг өөртөө нэгтгэсэн, эсвэл их хэмжээний нэмэлт бонд гаргасан гэх мэт онцгой тохиолдолд бонд эзэмшигч бондоо компани нэрлэсэн үнээр нь буцааж худалдах боломжтой байдаг.

  • Municipal бонд - авто зам, гүүр, сургууль барих зэрэг хөрөнгө оруулалтын зардлаа санхүүжүүлэх зорилгоор муж, хотын захиргаанаас гаргасан өрийн бичиг юм. Тэдгээрийг хөрөнгө оруулагчдын орон нутгийн засаг захиргаанд олгодог зээл гэж ойлгож болно. Municipal бонд нь холбооны татвар, ихэнх муж, орон нутгийн татвараас (оршин суугчдын хувьд) чөлөөлөгддөг бөгөөд энэ нь орлогын албан татварын өндөр ангилалд багтдаг хүмүүсийн сонирхлыг татдаг байна. Дээр дурдсанчлан уг бондын давуу тал нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх буюу tax-free явдал юм. Мөн эрсдэл бага учир бусад төрлийн үнэт цаастай харьцуулахад бага хүү (купон) санал болгодог байна.
  • Засгийн газрын бонд - засгийн газрын зарцуулалт, үүргийг дэмжих зорилгоор Засгийн газраас гаргасан өрийн үнэт цаас бөгөөд Засгийн газраас гаргасан хуанлийн нэг жилээс дээш хугацаатай өрийг бичгийг хэлнэ. Засгийн газрын бондыг нэрлэсэн үнээр гаргаж, анхдагч зах дээр арилжаагаар тогтсон үнээр худалдах ба нэрлэсэн үнээр буцаан төлнө. Засгийн газрын бонд нь дуусах хугацаа хүртэл хагас жил тутам төлөгдөх купонтой байна. Арилжааны хувьд 2 төрөл байдаг:

Ялгавартай үнэтэй арилжааны хэлбэр: Шууд оролцогчийн өрсөлдөөнт бус санал нь тухайн арилжааны амжилттай биелсэн өрсөлдөөнт саналын жигнэсэн дундаж хүүгээр, өрсөлдөөнт санал нь тухайн шууд оролцогчийн ирүүлсэн хүүний саналаар биелэх арилжааг хэлнэ.

Нэгдсэн үнэтэй арилжааны хэлбэр: Шууд оролцогчийн өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус санал нь тухайн арилжааны амжилттай биелсэн өрсөлдөөнт саналын таслагдсан хүүгээр биелэх арилжааг хэлнэ.

  • Агентлагийн бонд - оюутны зээл, орон сууцны зээл гэх мэт салбаруудыг дэмждэг засгийн газрын агентлагууд гаргадаг. Агентлагийн бонд нь эдгээр засгийн газрын агентлагуудад орон сууц эзэмшигчдэд зээл олгох, оюутнуудад зээл олгох гэх мэт бизнесээ дэмжихэд шаардлагатай хөрөнгөтэй байх боломжийг олгодог. Агентлагийн бонд нь орон нутгийн болон улсын татвараас чөлөөлөгддөг боловч ерөнхийдөө төрийн сангийн бондоос өндөр өгөөжтэй байдаг.
Image

Ерөнхийдөө бондын талаар ойлголт боллоо. Мөн дараах хэд хэдэн нэр томьёог мэдэх нь зөв байх.

Хүүгийн түвшин (interest rate) - Зээлийн хүү нь зээлийн өртөг хэр өндөр байгааг, эсвэл хадгаламжийн урамшуулал өндөр байгааг илтгэнэ. Тэгэхээр, хэрэв та зээлдэгч бол зээлийн хүү нь нийт зээлийн дүнгийн хувиар харуулсан мөнгө зээлэхэд ногдуулах дүнг хэлнэ.

Шаардлагатай өгөөж (required return) - Шаардлагатай өгөөжийн түвшин (RRR) нь тухайн хувьцааг эзэмшихтэй холбоотой эрсдэлийн тодорхой түвшний нөхөн төлбөр болох компанийн хувьцааг эзэмшихэд хөрөнгө оруулагч хүлээн авах хамгийн бага өгөөж юм.

Хүүгийн тэгшитгэл (equilibrium interest rate) - Макро эдийн засгийн нэг чухал ойлголт бол мөнгөний эрэлт нь мөнгөний нийлүүлэлттэй яг таарч байгаа хүүгийн түвшин буюу тэнцвэрт хүү юм.

Бодит хүүгийн түвшин - Барааны үнэ өөрчлөгддөггүй буюу инфляцгүй, ба байгууллагад эрсдэл үүсдэггүй төгс ертөнцөд амьдардаг гэж төсөөлбөл тэрхүү ертөнцөд санхүүжилтийн өртөг нь бодит хүүгийн түвшинтэй тэнцүү байна.

Нэрлэсэн хүү - Нэрлэсэн хүүгийн түвшин нь нэг талаас мөнгө зээлдүүлэгчийн бодитойгоор авч буй, нөгөө талаас мөнгө зээлдэгчийн төлж буй хүүгийн түвшин юм.

Бондын нэрлэсэн үнэ - Бондын хугацаа дуусахад компани зүгээс бонд эзэмшигчдэд зээлийнхээ үндсэн төлбөрийг төлөх бөгөөд үүнийг нэрлэсэн үнэ гэнэ.

Бондын купоны төлбөр - Бондын нэрлэсэн үнээс купоны хүүгийн хувиар тооцож, жил бүр, хагас жил тутам хөрөнгө оруулагчдад тогтмол олгох төлбөр юм.

Таны хөрөнгө оруулалтын багцад амжилт хүсье.


Буцах