Чшшшш! Энэ бол нууц
Enkuush
Чшшшш! Энэ бол нууц

Крипто ертөнц дээр бид блокчейн теxнологийн ачаар хүссэн койноо худалдаж авах, зээл авах, мөнгөө зээлүүлэх, өндөр хүүтэй хадгалах, койноо шилжүүлэх гэх зэрэг үйлдлийг өндөр хамгаалалттайгаар хэн нэгний хараа хяналтгүйгээр хийж болдгоороо онцгойрч чадсан. Гэвч бидний энэ бүх үйлдлийг хэн хүссэн нь харах боломжтой. Хэн хир их койн эзэмшиж байна, хаашаа шилжүүлэв, нэмж авсан уу эсвэл зарсан уу гэх зэрэг мэдээллийг чөлөөтэй харж болдог. Энд нууцлал гэх чухал зүйл дутагдаад байгааг Secret Network төрлийнхөн анзаарч харжээ.

Secret network

Image

Secret network бол блокчейн дээрх хамгийн анхны нууцлалд анхаарсан ухаалаг гэрээг хөгжүүлж буй төсөл юм. Уг төслийн үндэс нь MIT төсөл болох Enigma-гаас эхлэлтэй. 2017 онд 45сая долларыг анхдагч зах зээл дээрээс богино хугацаанд босгож байсан түүхтэй тэд үүнээс хойш татварын асуудал, техникийн асуудал гэх зэрэг хүнд даваануудыг туулсаар 2020 оны 9 сарын 15 Secret network нэрийг олж авчээ. 

Хэрхэн ажилладаг вэ?

Энэ нь их амархан. Таны гүйлгээ, эзэмшиж буй койныг шифрлэж зөвхөн та л тайлж уншиж чадахаар болгодог. Үүний бүх учир нь Secret Token гэх нууц токенд бий. Secret Token гэдэг нь тэдний шифрлэсэн койныг хэлж байгаа юм. Secret Token-ий гүйлгээг шивэхдээ validator node хүртэл харах боломжгүй өндөр нууцлалтай байдаг.

Secret DeFi

Нууцлалтай DeFi төслүүд Secret network дээр Нууц ухаалаг гэрээ (Secret contract)-ийн тусламжтайгаар гарах боломжтой. Нууц ухаалаг гэрээ нь шифрлэгдсэн өгөгдлийг уншиж, шифрлэгдсэн хэвээр нь боловсруулдгаараа Ethereum-ийн ухаалаг гэрээнээс ялгаатай.

Image

Нууц бирж буюу Secret swap ашиглан койн авах, зарах мөн farming хийх боломжтой. 

Гүүр

Secret network-ийн шийдэж буй асуудал, гаргасан гаргалгаа нь гайхалтай байж болох ч хамгийн гол нь “Хир их хүн хэрэглэж хир олон блокчейн рүү нэвтэрч чадсан бэ?” гэдэг хамгийн чухал үзүүлэлт байдаг.

Secret гэдэг гараг маань өөр ямар гарагуудтай гүүрээр холбогдож чадсан бэ?

1. Ethereum. Мэдээж хамгийн их хэрэглэгчтэй гараг рүү гүүрээ барих нь ойлгомжтой. Доорх зургаас хэдэн хир их хэмжээний Ethereum блокчейнээс орж ирснийг харж болно. Өнгөрсөн 5 сарын өсөлтийн үед хамгийн өндөр байжээ. Харин одоо эргэн СЭРГЭЖ байгааг харж болохоор байна. 

Image

2. Binance smart chain. Олон Dapp, олон хэрэглэгчтэй, DeFi ертөнц дэх шилдгүүдийн нэгтэй гүүрээ бариад амжжээ. Доорх графикт хир их койн BSC-ээс орж ирснийг харж болно. Сүүлийн сард ОГЦОМ өссөн байгааг харж болно.

Image

3. Monero

4. Astar Network

5. Terra. Крипто пуужин багийн яриx дуртай terra blockchain-тай хүртэл гүүрээ барьсан гээд бодохоор шинэ хэрэглэгч, хөгжүүлэгч нарын анхаарлыг татахгүй байхын аргагүй юм. 

6. Удахгүй Supernova upgrade (10 сард болох төлөвлөгөөтэй)-ийг хийхээр Secret network-ийнхон ажиллаж байна. Supernova upgrade болсноор IBC (Inter-Blockchain_Communication) хэрэгжүүлж бусад IBС-г дэмждэг блокчейнүүдтэй харилцах боломжтой болно. Тэгэхээр Secret network-т хүрэхгүй газар гэж үгүй болох нь ээ. 

Secret network ашигласны өөр нэг давуу тал

Таныг зах зээлд оролцоход гүйлгээний тань урдуур ороод авах гэж байсан койныг тань өсгөдөг нэг дайсан бий. Үүнийг miner extractable value (MEV) гэж нэрлэдэг. Гүйлгээг шивж байгаа miner-ууд аль койныг илүү их авч байна гэдгийг хараад гүйлгээний урдуур нь орж хямдхан дээр нь авч үнийг нь өсгөдөг гэсэн үг. Хэрвээ Secret network ашигладаг бол бүх гүйлгээнүүд нууцлалтай болж аль койныг илүү их аваад байгаа зараад байгаа мэдээллийг харах боломжгүй болно. Ингэснээр MEV-г ялан дийлэх боломжтой юм. 

Secret NFT

NFT-гийн тренд үргэлжилсээр өдөр бүр, цаг бүр шинэ шинэ NFT-нүүд төрсөөр байна. Secret network үүнээс хоцрохыг хүссэнгүй. Нууц NFT-тэй танилцана уу.

1. NFT эзэмшигч хэн болохыг чандлан нууцална. Ингэснээр маш ховор NFT эзэмшигчийн хөдөлгөөн бүрийг хянах боломжгүй болж эзэмшигчийн хувийн орон зайг бий болгоно. 

2. NFT-гийн дэлгэрэнгүй мэдээллийг нууцлах. Үүний тусламжтайгаар тоглоомын NFT үүсгэж түүний нууц чадвар, хүч гэх зэргийг нууж гэнэтийн бэлэг барих боломжтой.

3. NFT-д нэвтрэх эрх олгох гэсэн үндсэн гурван шинж чанараараа энгийн NFT-гээс ялгарч байна.

Өрсөлдөгчид

Image

Нууцлалтай холбоотой төслүүдийг дээрх зурагт харууллаа.

1. Privacy coin хэсэгт байгаа Monero, Zcash койнууд нууцлалтай шилжүүлгийг шийдэж чадсан ч ухаалаг гэрээний асуудлын учрыг хараахан олоогүй байна. 

2. On-chain mixer болох Tornado Cash төслийг ашиглан нууцлалтай шилжүүлэг хийж болно. Tornado Cash-ийн гол санаа бол гүйлгээ хийх гэж байгаа хүмүүсийн мөнгийг нэг цэгт төвлөрүүлж холиод дараа нь шилжүүлгийг хийнэ. Ингэснээр хэний койн хаашаа шилжсэнийг мэдэх боломжгүй юм. Энэ төслийн нэг сул тал бол хангалттай хэмжээний мөнгө нэг цэгт төвлөрч чадахгүй гүйлгээ удаашрах асуудал юм. 

3. Ethereum based буюу Ethereum блокчейн дээрх төслүүдийн хувьд зөвхөн Ethereum дээр хийгдэж буй гүйлгээг л нууцалдаг учраас хязгаарлагдмал. 

Ингээд харахаар Private network л үлдэж байна. 

Дээр дурдсан төслүүдийн 2020 оноос хойших өссөн өсөлтийг доорх графикт харууллаа.

Image

Dero Phala гэх төслүүд хэд дахин нугарсан байхад Secret network 1.3 дахин өссөн буюу хангалттай өсөж амжаагүй харагдаж байна. Удаxгүй юм дуулгана байгаа?

Буцах